
Фото сурвалжлага, нийтлэл
Нэг хорооныхон
Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ. Хөдөөний иргэд амжиргаагаа дагаад, мөн нөгөө талаас байгалийн гамшиг, ган гачигийн давтамж ойртсоноос болж хот чиглэсэн нүүдэл тасрахгүй байгааг буруутгах аргагүй. Харин шилжин ирэгсдийн талаар зохистой бодлого зохицуулалт байхгүйн улмаас хотын гэр хороолол улам нягтарч, хаяагаа тэлсээр чимээгүй хоттой хаяа нийлэн амьдрах болсоор удлаа. “70 давхар”-ыг хүн бүхэн мэднэ. Их хоттой айлссан оршуулгын газраар явахад хүүхэд багачууд нь шарилын чулуугаар тоглож, ноход нь ил далд тавьсан цогцосоор хооллож, энд тэндгүй хөглөрсөн хог хаягдал үргэлжлэх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Түүнчлэн чимээгүй хотын булшийг ухаж, эд зүйлсийг тонох, талийгаачдын ясыг өндөлзүүлэн ил гарган хаях, хашлага хайсыг нь хүртэл хулгайлан төмрийн хаягдалд тушааж байна.
Хүний цогцсыг газар булж оршуулахад агаар дутмаг орчинд анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдийн, 40-50 жилд хатуу эд эсийн задрал явагддаг ба ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа 20 орчим төрлийн хорт хийг дэгдээдэг байна. Мөн хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд шингэсэн аливаа өвчний нян 20-30 жил амьдрах чадвартай нь нотлогджээ.
Юутай ч их хотын дундах “НЭГ ХОРООНЫХОН”-ы амьдрал ийнхүү үргэлжилж, нийгмийн олон олон тулгамдаж буй асуудлууд шийдлээ хүлээсээр…



















