Хурим найрын улирал эхэлж, залуус маань өргөө гэрээ барьж, өрх бүлээ үүсгэж байгаа нь туйлаас бахархалтай билээ. Та бүхэндээ мэргэжлийн үүднээс цөөн зүйлийг анхааруулж хэлэх санаа төрлөө. Wedding photography буюу Хуримийн гэрэл зураг нь нэлээд хүнд зураг авалтын төрөлд хамаардаг бөгөөд зурагчнаас ажлын туршлага, авъяас чадварыг өндрөөр шаарддаг төрөл юм. Хүний амьдралд ганц тохиолдох хуримлах үйл явц, гал халуун насны гэрэлт агшнуудыг гэрэл зургийн урлагаар мөнхлөн үлдээнэ гэдэг өндөр хариуцлага байх нь ойлгомжтой. Хэн ч харсан гайхан дуу алдаж, шагшин магтах гэрэл зураг гэдэг бол гэрэл зурагчин болон үйлчлүүлэгчийн харилцан сайтар ойлголцсон хамтын ажиллагаа, хамтын бүтээл байдаг. Манай агентлагийн хувьд Богд уулын өвөрт байх Манзуширын хийд, Налайх-Тэрэлж, Налайх-Цонжин болдог, XIII зуун цогцолбор гэсэн чиглэлээр, мөн Улаанбаатар хотын хэд хэдэн байрлалд зураг авалтыг хийж ирсэн.

Үйлчлүүлэгчид маань ихэвчлэн энэхүү зураг авалтыг нэг өдөрт багтаан хийлгэхийг хүсдэг нь мэдээж цаанаа олон шалтгаантай байдаг л даа. Ингээд дээрх байрлалууд дээр болон хотод авах зураг авалтыг нэг өдөрт багтаах давчуухан даалгавартай учирдаг. Мэдээж энэ нь аль аль талдаа маш их ачаалал үүсгэхээс гадна нөгөө хамтын бүтээлд маань шууд тусгалаа олно гэсэн үг юм. Гэтэл байгальд авч байгаа зургийн хувьд гэрэл, цаг хугацааны шууд хамааралтай, гайхалтай бүтээл төрөх цаг хугацаа нь богино, хомс байдаг. Тэгэхээр энэ тулгарч байгаа асуудлыг өндөр хүчин чадалтай гэрэлтүүлгийн техник төхөөрөмж бүхий ажлын туршлага, авъяас чадвартай мэргэжлийн баг л гүйцэтгэх боломжтой.

Хэдийгээр хуримын гэрэл зургийн чанар, мэргэжлийн чадвар сайжирч байгаа хэдий ч үйлчлүүлэгчдийг гомдоох, дахин давтагдах боломжгүй хариуцлагатай үйл явцыг алдах явдал элбэг байна. Иймээс та хуримын гэрэл зургаа хэнд даатгах вэ гэдэг дээр хариуцлагатай хандаж олон талаас шүүн хэлэлцэх, мэргэжлийн хүний зөвлөгөөг тооцсон урьдчилсан төлөвлөлтөө сайтар хийж, гарч болох эрсдлийг урьдчилан тооцож байх нь чухал юм. Хуримын зураг авалтыг байгалийн орчинд хийлгэхэд юуг анхаарвал зохих вэ?

Үүнд:

  • Хамтран ажиллах гэрэл зурагчнаа амжилттай сонгох, техник хэрэгслийн чадамжийг тооцох
  • Цаг хугацаагаа нарийн тооцож, цаг уурын талаар урьдчилсан мэдээлэлтэй байх
  • Хэт олон гэрч оролцох нь таны цагийг үрэх болно.
  • Юу таны зургийг гайхалтай болгохыг тооцох судалгаа хийх
  • Сонин содон чимэглэл, туслах хэрэгслүүд зургийг гайхалтай болгодог тул анхаарах
  • Хуримын хосууд хувьдаа туслах нэгээс хоёр хүн авч явах

Танд аз жаргал хүсье.